Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 километр зайд байдаг Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ. Дархалсан талбай нь 50 хавтгай дөрвөлжин километр. Далайн төвшнөөс дээш 2210 метр бөгөөд ойр хавийн хүрмэн хад асга, ангал, хавцал гайхам сонин тогтоцтой, агуй, хонхор гүдгэр ихтэй. Хамгийн хойд захад нь Хоргын тогоо байх бөгөөд тогооны өрх хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр бөгөөд 30-36 хэмийн налуу хажуутай. Ар болон амсраар нь хуш, шинэсэн ой ургадаг.
Хоргын тогооны дэргэд нутгийнхны нэрлэж заншсан чулуун гэр бий. Халуун хайлмал бодис урсаж байхдаа мушгиралдан атиралдаж царцахдаа уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэр үүсгэн тогтжээ. Цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. Тэдгээрийн дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голууд хөөсрөн урсдаг нь Хоргын тогооны бүс нутгийн бас нэгэн гайхамшигт чимэг болдог. Хоргын тогооны орчимд Өвгөн хад, Тэрхийн цагаан нуур, нуурын арал, Шар нохойн там, мөсөн хонгил, Залуусын агуй зэргийг үзэж сонирхон аялахад тохиромжтой. Хоргын үзэсгэлэнт газрыг 1965 онд дархан цаазтай болгосон билээ. Домгоос өгүүлбэл, Эрт үед худгаас ус авсан хүмүүс худгаа таглахаа мартсанаас болж их хэмжээний ус олгойдон гарч хөндийг дүүргэн сүйд болжээ. Хүмүүс “хоргоогоорой” хэмээн хашгирч байснаас “Хорго” хэмээх нэр үүсэж, хоргоогдож тогтсон ус нь Тэрхийн цагаан нуур болжээ гэдэг.
Хоргын тогоон улмаас үүссэн агуй




