Монгол гэрийн тухай

Монгол гэр бол Төв Азийннүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм.Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.

Мөн түүнчлэн Монгол гэрийн бүрээс, нэхий нь бороо, цас өөртөө нэвтрүүлдэггүй, дулаанаа удаан хугацаанд ч барих чадалтай тул жилийн аль ч улиралд ашигладаг билээ.

Монгол нутагт эртнээс нааш нүүдэлчин овог аймгууд оршин амьдрах хугацаандаа тухайн цагийн байдлаас шалтгаалж олон төрлийн хэлбэр загвар бүхий гэрт амьдран суусаар ирсэн.

Монгол гэрийн хээ угалз чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй, хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс уньны цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлыг бүрдүүлдэг онцлогтой. Монгол хээ маш олон янз байна. Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана, унь, хаалга), харин зөвхөн унины цээж зэрэг хэсэг ногоон байдаг.Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргаль эвэр, сүлжээ угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж, үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл, бэлгэдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.

Гэрийн дотор тал
Монгол гэрийн хээ угалз

Гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг бий болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.

Leave a comment